Saturday, June 21, 2008

Гадаад хэл сурах аргын тухай бодрол


"Мориноосоо буулгүй дэлхийн талыг эзлэх амархан, харин мориноосоо буугаад дэлхий дахиныг тохинуулах хэцүү." гэсэн эзэн Чингисийн үгийг бид бүхэн мэднэ. Бас яриандаа байнга хэрэглэдэг билээ. Миний уншиж ойлгосноор тухайн үед сая гаруйхан тоотой байсан монголчууд, наян сая хятад, хорин сая Хорезмчууд, гурван сая Орос гэхчлэн эзэнт гүрний хөгжлийн оргил үед зуун тавин сая гаруй харь хэлтнийг эзлэн захирахад тулгарсан хамгийн том бэрхшээл нь мэдээжийн хэрэг гадаад хэлээр тэдэнтэй харьцах явдал байсан байж таарна. Энэ бэрхшээлийг гэтлэн давахын тулд манай өвөг дээдэс таван хэлийг төгс сургадаг аргыг нээсэн нь өдгөө бидний үед ч уламжлан ирсэн байна. Өөрөөр хэлбэл хувьсгалын өмнөхөн эсгий гэрт өөхөн дэнгийн гэрэлд монголчууд хятад, манж, түвд, самгарьд зэрэг монгол бичгээ оролцуулаад дорно дахины таван хэлийг төгс сурсан мэргэдийг бэлтгэн гаргадаг тогтолцоотой байжээ.

Гадаад хэлэнд төгс суралцана гэж чухам юуг хэлээд байна вэ? Би энэ талаар "Гадаад хэлийг төгс сурахуйн нууц" номондоо нэлээд дэлгэрэнгүй бичсэн маань өдгөө янз бүрийн хэлний сайтуудаар нэлээд өргөн тархсан бололтой байдаг. Надтай уулзсан нэгэн өвгөн эрдэмтэн "Чиний бичсэн тэр номыг үзлээ. Ренчин гуай "Бөөгийн дуудлагыг" францаар орчуулсаныг би мэднэ. Чи түүнийг хятадаар орчуулж чадах уу? Тэр хэмжээнд хүрсэн байвал чамайг би төгс мэдлэгтэн гэж үнэлье. " гэж билээ. Би уг номыг бичихдээ "Би гадаад хэлийг төгс сурчихлаа." гэдгээ зарлахыг урьтал болгох гээгүй юм гэдгийг уншсан хүмүүс эрхбиш ойлгосон буй за. Хамгийн гол нь эртний монголд ийм арга байсан юм шүү. Тэр аргын талаар зах зухаас нь ч болов уншигчдадаа танилцуулъя гэснийг маань эрхбиш ойлгоо буй за. Тэгээд ч "Хүний махан хүнстэнгүүд, хүрэл чулуун зүрхтэнгүүд" гэсэн бөөгийн дуудлагыг орчуулчихвал төгс мэдлэгтэн болно гэсэн зүйл ертөнцөд хаа байх билээ. Хэдийгээр төгс төгөлдөрийн хэмжүүр гэж зүйл хаана ч байхгүй боловч гадаад хэл суралцагч хүн аль болохоор дээд түвшинд хүрэхийн тулд тэмүүлж, түүний төлөө уйгагүй хичээллэж байх ёстой гэсэн бодлын үүднээс номоо тийн нэрлэсэн хэрэг.

"Миний гадаад хэлийг төгс сурахуйн нууц" номондоо дэвшүүлсэн өөр нэгэн санаа бол манай өвөг дээдэс гэрийн сургалтандаа Бурхан багшийн дээд номын аргаас бүр тодруулбал "Очироор огтлогч" буюу "Доржзодов" судрын үзэл санаанаас бүтээлчээр авч ашигласан байна гэдгийг онцолсон байгаа. Үүний тулд аливаа эрдмийг суралцагч хүмүүн, тэр дундаа гадаад хэлийг суралцагч, эхлээд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Сэтгэл тогтоох гол арга нь сахил буюу, одоогийнхоор дэг сахилгатай байх ёстой. Сахилтай, дэгтэй байснаар сэтгэл тогтоно. Сэтгэл тогтсоноор билиг оюун улам хурцдаж, гадаад хэлийг амархан, хурдан сурах боломжтой гэдгийг номондоо бичсэн байгаа. Одоо манай нийгэмд "Зууны манлай залхуу хүнийг зургаан сарын дотор англи хэл сургана." гэх мэтчилэн янз бүрийн худал үнэн мессижүүд зөндөө дэлгэрч хүмүүсийн толгойг эргүүлээд байна л даа. Гэхдээ тэр хүмүүс уг аргаараа ийм түвшинтэй байсан хүмүүсийг тийм өндөр түвшинд хүргэчихлээ гээд олон түмэнд үзүүлж харуулах баримт ямархуу байдаг бол доо? Харин манай Гэгээ гадаад хэлний коллежийн тухайд гэвэл чухам эртний монголын гэрийн сургалтын аргаараа оюутнуудаа сургаад сүүлийн арваад жилийн дотор улсын олимпиадын эхний байруудад тогтмол тав зургаан хүүхэд шалгарч, хоёр ч удаа дэлхийн аваргад монгол улсаа төлөөлөн оролцоод байгаа билээ. Өнөө жилийн хувьд ч хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд хоёр оюутан наймдугаар дэсэд шалгарсан бол мөн хоёр оюутан олимпиадын айргийн тавд багтаад байгаа юм.

Энд өөрийн оюутнуудын онцлогийг тодруулан дурдах нь зүйтэй юм. Улсын их дээд сургуулиудыг төлөөлөн олимпиадад оролцож байгаа оюутнуудын дийлэнх нь "Найрамдал", "Юй Цай" зэрэг хятад арван жилийн сургуулиуд төгссөн оюутнууд байдаг бол манай оюутнууд урьд өмнө хятад хэлээр А үсэг ч мэдэхгүй байсан хүүхдүүд хоёр гурвахан жилийн хугацаанд тэдэнтэй ана мана өрсөлдөх хэмжээнд хүрсэн байдагт л гэрийн сургалтын арга хичнээн үр бүтээлтэй болох нь харагдаж байгаа юм.

Сүүлийн үед манай боловсролын яамныхан гадаадын улс орнуудад тийм байдаг, дэлхийн жишиг ийм байдаг. Бид арван нэгэн жилийн ахлах дунд сургуулийн тогтолцоонд шилжсэн нь дэлхийн жишигт нийцсэн хэрэг боллоо гэх мэтээр их ярьдаг болжээ. Сүүлийн үед зургаан настангуудыг сургана, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэх зэрэг нь зөвхөн хэлбэр талын өөрчлөлтүүд шүү дээ. Жинхэнэ агуулгын, бүтцийн дорвитой өөрчлөлт хийхийн тулд эртний монголын гэрийн сургалтын арга руугаа зайлшгүй өнгийж харах хэрэгтэй. Өнөөдөр манайд америк, орос, хятад, түрк, солонгос, япон гээд дэлхийн томоохон орнуудын сургалтын арга дэгийг голлосон сургуулиуд олон арваараа хичээллэж байна. Харин жинхэнэ монгол сургалттай сургууль гэвэл хаана байгаа билээ.
Арван жилийн сургуулиудыг төгсөгчид ямархуу хэмжээтэй байдгийг энд дурдах нь илүүц биз ээ. Бүгдээрээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Арван хүүхдийн найм нь л лав нийгмийн амьдралд бэлтгэгдээгүй байцгаадаг. Хэрвээ зах зээлийн нийгэмд аливаа нэгэн компаний бүтээгдхүүний цорын ганц хувь нь л гологдол гарах юм бол тухайн байгууллага удалгүй дампуурлаа зарлах нь ойлгомжтой. Тэгвэл хүн гэдэг нийгмийн дээд зэргийн капиталыг бэлтгэн гаргаж байгаа дунд сургуулиуд наян хувийн гологдол гаргачихаад оршин тогтноод байгаа нь энэ салбарын өөрчлөлт шинэчлэлтийг даруй эхлэх хэрэгтэй болсныг харуулж байна. Өөрчилж байгаа нь энэ гээд сурах хугацааг 12 жил болгох, зургаан настайгаас нь эхлэн сургах, дутуу дулимаг бэлтгэсэн хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр давтан бэлтгэх зэрэг нь байдлыг улам л муутгахаас цааш хэтрэхгүй. Би баахан зүйл нуршдагийн цаад санаа нь арван жилийн сургуулиа төгсөөд орж ирж байгаа хүүхдүүд сурах арга барил эзэмшсэн байдал нь үнэхээр маш их учир дутагдалтай байна. Гэхдээ тэдний сэтгэл зүрхэнд хандаад зөв аргаар чиглүүлээд өгвөл маш хурдан амжилтанд хүрэх боломж байна шүү гэдгийг онцлоод байгаа хэрэг.

Арван жилийн сургууль төгссөн сурагчдын гайгүй сурлагатай нь МУИС, Хүмүүнлэг, Отгонтэнгэр, Орхон, Их засаг гэх дэс дарааллаар сургуулиа сонгоод орцгоодог л доо. Манай Гэгээ мэтийн шинэхэн байгуулагдсан сургуулиудад эхэндээ хөдөөний нэлээд сурлага тааруутай хүүхдүүд ордог байсан нь нууц биш ээ. Одоо ч жижгэвтэр хувийн сургуулиудын нийтлэг дүр төрх тийм л байгаа болов уу? Гэгээ коллежийн хувьд хүүхдүүдийг хот хөдөөнийх, сурлагаар сайн муу гэж хэзээ ч ялгаж байгаагүй. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр тэдэнд "Залуу хүний гурван эрдэнэ" гэсэн лекц сонсгодог. Тэр лекцийн гол санаа нь дэлхийн хамгийн баян хүнийг Уоррен Баффет, Билл Гейтс гэдэггүй. Дэлхийн хамгийн баян хүн бол та бүхэн юм. Яагаад гэвэл хүний төрлийг олж төрнө гэдэг юутай гайхамшигтай сайхан завшаан билээ. Дээр нь бид оюун ухаан гэдэг юутай ч зүйрлэшгүй нандин баялгийг эзэмшиж байгаа. Оюун ухааны баялгаа нээж ашиглаж чадвал Оюутолгой шиг хэдэн арван уурхайгаас ч илүү баялгийг бүтээх боломжтой юм. Дээр нь та бүхэнд залуу нас гэдэг богинохон атлаа маш үнэ цэнэтэй баялаг байгаа гэдэг талаас нь яриагаа эхлэдэг нь тэдний хувьд маш сонин содон байдаг. Хичээлийн жилийн эхний улирлын турш иймэрхүү лекцүүдийг богино богино хугацаагаар тасралтгүй явуулдаг. Дээр нь манай сургуулийн харилцааны соёлын хичээл ч гэсэн амьдрах ухаан, хүн байхын утга учрыг оюутнуудын ой тойнд ортол номлож байдаг. Энэ бүхэн маань хувь хүний хичээл зүтгэл, уйгагүй оролдлоготой нийлэхээрээ дээр өгүүлсэн амжилтын уг сурвалж болдгийг та бүхэн төвөггүй гадарлаж байгаа байх аа.

Би энд нэгэн зүйлийг онцлон хэлье гэж бодож байна. Өнгөрсөн жилийн шинэ жилээр манай сургуулийн гуравдугаар курсийн оюутнууд хүн болгонд оногдсон хоёр лааз шар айргийг уулгүй орхиод гарцгаасан нь уг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байсан үйлчилгээний газрынхныг ихээхэн гайхаж шагшруулсан хэрэг болж билээ. Энэ нь тухайн оюутнуудын хувьд төдийлөн сонин зүйл биш л дээ. Харин зөв зүйтэй сургаал номлол гэдэг хүний сэтгэлийг сайн сайхан зүгт хувирган өөрчлөх чадалтай юм шүү. Манай залуучууд бүгдээрээ ч архи гэдэг нийгмийг хамраад байгаа аюултай үзэгдлийг таягдан хаяж чадах нөөц боломж байгаа юм шүү гэдгийг л энэ жишээ харуулж байгаа юм. Тэгэхээр гэрийн сургалтын аргаар хичээллэснээр хүн зөвхөн гадаад хэл төдийгүй зөв амьдрах ухаантай болж, хүмүүжлийн хувьд ч эрс өөрчлөлт гардаг байх нь ээ. Сүүлийн үед манай оюутнуудын сурлага хүмүүжлийн талаар гаргаж байгаа дээрх амжилтуудаас улбаалаад дандаа хотын сурлага сайтай хүүхдүүд болон хятад улсад сурч байсан оюутнууд олон арваараа шилжин ирж байгааг энд тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Ингэснээр анх хотын ганц хоёр хүүхэд элсэн орохоор бөөн баяр болдог байсан үе ард түүх болон хоцорчээ.

Би энэ удаа "Гадаад хэлийг төгс сурахуйн нууц" номондоо дурдсан зарим нэгэн санаагаа дэлгэрүүлэн тайлбарлахаас гадна, бүдэг бүрхэг зарим асуудлыг бодит жишээтэй холбон тодруулахыг хичээлээ. "Сахилаас сэтгэл тогтоно, сэтгэл тогтсоноор билиг оюун хурцадна." гэдэг бол Бурхан багшийн "Гурван суртхаал" гэдэг нандин арга юм. Хэл сурахтай холбогдсон энгийн жишээн дээр энэ аргыг холбож тайлбарлавал хүн болгон гадаад хэл сурах дуртай. Гэхдээ яг сурах болохоор солонгос кино үзэхсэн, FM сонсохсон, PC тоглохсон гээд дэгэлзээд болдоггүй шүү дээ. Тэгвэл гадаад хэлээ үзэхээс нэг хоёр сарын өмнөөс эхлэн гэр амьтай, цагийг үр дүнгүй өнгөрөөдөггүй өөртөө болоод бусдад хэрэгтэй зүйлд үйл ажиллагаагаа чиглүүлэх зэрэгт өөрийгөө дасгаж дадуулваас эрдэм сурахын цагт маш үр дүнтэй байна гэсэн үг л дээ. Нөгөө талаас, шашин гүн ухааны учир шалтгааны үүднээс тайлбарлах юм бол хүний билиг оюун гэж юуг ч сурч мэдэх чадвартай байдаг. Жаахан хүүхдэд билиг оюуны энэ чадвар байгалийн заяагдмал төрхөөрөө байж байдаг тул хэл хэмээх хэцүү тогтолцоог төвөггүй сурч чаддаг байх нь. Харин насанд хүрсэн бидний хувьд кино үзэх, FM сонсох, PC тоглох гэх мэтээр билиг оюуны заяагдмал гоц чадваруудыг сарниачихаад байдаг тул хэл сурах шиг хэцүү юм байхгүй болон хувирдаг байна. Дээр нь орчин үеийн сургалтын аргад энэ гүн нарийн ёсыг мэддэггүй хэрэглэдэггүй, бараг түүний зүй тогтлын эсрэг байдлаар зохион байгуулагдсан байдаг болохоор сургах биш, сургахгүй тал нь дийлдэг ажээ.

Эрт дээр үед манай өвөг дээдэс болон ази дорно дахиныхан аливаа эрдмийг сурахдаа заавал дэг сахилыг чанд сахидаг байсан нь шашны утгаасаа илүү дээрх гүн нарийн ёсыг мэддэг байсантай холбоотой юм. Бид бүхний сайн мэддэг таван сахил буюу "Амьтны амь таслахгүй, архи уухгүй, буруу хурьцахгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй." зэрэг нь хэрвээ хэрэгжүүлж чадвал хувь хүн болоод нийгэмд хичнээн хэрэгтэй зүйл билээ. Та хэрвээ эдгээрийг хэрэгжүүлж чадвал сэтгэл санаа үймрэх, түүнээс үүдэлтэй гэм нүгэл, аливаа зовлон бэрхшээлээс ангид байж сэтгэлийн амгаланг олох боломжтой. Эс чадваас нэг хоёр ч атугай өөрийн чадах чинээгээрээ сахихыг оролдоод үзээрэй. Ер нь сахилын гол үүрэг нь өөрт болоод бусдад хор хүргэхгүйд байдаг юм шүү гэдгийг ойлговоос зохино. Цаг наргүй компьютер тоглоом тоглох, дэмий балай чалчих зэрэг нь өөртөө учруулж байгаа маш том хор, хохиролтой хэрэг байх нь ээ. Дээр өгүүлсэн залуу хүний гурван нандин эрдэнээс хумсалж байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ та таван сахилыг сахиж чадаад аль болохуйц дэгтэй, хувийн зохион байгуулалт сайтай болж чадвал гадаад хэл сурна гэдэг таны хувьд хэлд орж байгаа байгаа хүүхдээс амархан хэрэг болж хувирах юм. Гадаад хэлийг сурчихсаны дараа та зөвхөн түүгээр зогсохгүй, ухаалаг, хүмүүжилтэй, дэгтэй нийгэмд хэрэгтэй иргэн болон хувирна шүү дээ. "Хэнд эрдэм буй, түүнд тус буй." хэмээн Бурхан багш айлдсан нь бий. Өөрийгөө болоод оюун ухаанаа сахилгажуулж, өндөр чадварт хүрэхийн тухайд манай блогийн Бурханы шашин, боловсролын шинэчлэлийн сэдвүүд дээр дэлгэрэнгүй бичих тул та бүхэн уншаарай. Мөн "Гадаад хэл сурах аргын тухай бодрол" маань цааш үргэлжлэх бөгөөд хятад хэлийг хэрхэн яаж сурах вэ? Дүрмийн мэдлэгийг яаж эзэмшвэл зүйтэй вэ? гэх зэргээр нарийвчилсан байдалтай өгүүлэх болно. Чухам ямар сэдвээр тодорхой тайлбар авах хүсэлтэй байгаагаа та бүхэн бидэнд и-мэйлээр мэдэгдвэл бүр сайн шүү.







No comments: