
Тансан лам Энэтхэг орноо Наландрын хийдэд шавилан сууж гүйцээд Бурханы гол гол судруудыг хятад орноо залан ирсэн тухай та бид мэднэ. Тэгвэл саяхан Энэтхэг улс хятад нутагт дэлгэрсэн дияаны урсгалын зургаа дахь үеийн номын их багш Хүй Нөнгийн зохиосон “Мандал судар” нь Бурханы шажны түүхэнд ховор чухагт тооцогдох сурвалж бичиг хэмээн үзэж Тансан ламын ирсэн замын эсрэг энэтхэг оронд аваачин заллаа хэмээн саяхан хятадын хэвлэлүүдээр мэдээлжээ. “Мандал сударт” тэмдэглэснээр: Нэгэн удаа Хүй Нөн багш Гуанжоугийн “Номын чанарт” хийдэд хоноглохоор буугаад байхад хоёр лам оройн салхинд туг дэрвэхийг хараад хоорондоо маргалдахыг үзжээ. Нэг лам нь туг намирч байна гэтэл нөгөөх нь үгүй ээ, салхи намируулж байна гээд өөр өөрийн байр суурин дээрээ хатуу зогсон мэтгэлцэж гэнэ. Хүй Нөн дияанч тэр хоёрын удтал ийн маргалдахыг харж зогссоноо “Туг ч бус, салхи ч бус гагц та хоёрын сэтгэл хөдлөнөм бус уу?” хэмээн маргааныг хагалсан ажээ.
Хүй Нөн багштай холбоо бүхий энэхүү алдартай дияаны домог нь гадаад ертөнцийн үзэгдэл юмст автах нь сэтгэлийн хувирал, харин түүнээс үүдэлтэй түмэн бодол буюу нисваанис нь сэтгэлийн үзэгдэл төдийхөн юм гэдгийг хэлсэн хэрэг юм.
Дияан нь “Чана” хэмээх самгарьд үгийн сунжирсан дуудлага бөгөөд аглаг сэлүүнд сууж анхаарлаа төвлөрүүлэх замаар оюун санааг орчлонгийн хүлээснээс ангижруулж, улмаар гэгээрлийг олох Бурханы шашны нэгэн гол аргын нэг юм.
Амьдрах ухаан нь нэгэн төрлийн урлаг бол дияан нь хүмүүний амьдралын утга учрыг таньж мэдэх эрхэм дээд билиг оюун ажээ. Утгыг онож танихуй нь нэн бэрхтэй орчлонгийн тоосон дунд хүмүүс хоорондын нарийн төвөгтэй харьцаанд түүртэхгүй амьдарна гэдэг нэн амаргүй. Харин хувь хүн дияаны аргыг эзэмшсэнээр гадаад орчны хүлээсэнд автахгүй уснаа хөвөх загас, агаарт дүүлэх шувуу лугаа адил чөлөөтэй тааваараа амьдарч амьдралын гэрэл гэгээг цацруулж байдаг ажгуу.
Дияан бидэнд сэтгэлээс алдууран одсон цэнгэлийн орныг эргүүлэн олж авахад туслаж чадна. Эдийн шунал хүсэлд аалзны тор мэт хэрэгдсэн өнөөгийн нийгэмд, оюуны хоосролд орж, сэтгэлийн дарамтанд хүлэгдсэн хүн цөөнгүй байдаг. Түүнийг дагалдан хүмүүний сэтгэл цэвдэгшин зэрлэгшиж, нэр ашгийг эрхэмлэх үзэл сэтгэлийн орон зайг зугуухан эзэлсээр байнам бус уу. Тэр хэрээр хүмүүс амьдралын үнэ цэнэ, утга учрыг эрэлхийлэх зав чөлөөгүй болж, аажмаар эд материалын боол болон хувирч байна. Харин дияан нь цэнгэг салхи, шүүдрийн дусал мэтээр бидний амьдралыг тэтгэн ундаалж, төөрөгдлөөс гэтэлгэн, сэтгэлийг маань илүү эрх чөлөөтэй орон зайд аваачин хүмүүний ёсоор амьдрахад тусладаг юм.
Дияан хүмүүс бидэнд билиг оюуны хурц нүдийг хайрладаг. Хариуцлагын хариуд сэтгэл ханамжтай байж, шударга журмын хүчинд амар амгаланг эдлэн, бусдын төлөө гэсэн сэтгэлийн жаргал эдлэснээр амьдралын алхам тутамдаа дияаны нарийн ёсыг ойлгож мэдэрч болдог ажээ. Дияан хэмээгч нь бодит байдлаас ухрахгүй түүнийг гэтлэн давж, орчлонгоос хэтийдэн ангижирч, эргэж түүндээ хутгалдан орохын нэр ажгуу. Дорно дахины билиг оюуны сор болсон дияан нь хувь хүний амьдрал, сэтгэл санааг ажиглах, жинхэнэ утга учиртай амьдралыг эрэлхийлэх зэрэг онцлог шинжээрээ дэлхийн улам олон улс орны хүн ардын сонирхлыг ихээр татаж байна.
Дияаны ёс нь хэдийгээр ойлгохуйяа нэн бэрх мэт атлаа хэлбэрийн тал дээр туйлын энгийн хялбар байдаг нь сонин. Голцуу дияаны алдартай сургаал үгс, домог зэрэг хэлбэрээрээ бидний үед уламжлагдан ирж, оршин тогтносоор байгаа билээ. Зах зээлийн амаргүй адармаатай атлаа, сонирхолтой энэ цаг үед өдрийн алжаалыг үргээн, аяга дүүрэн аагтай цайгаа шимэх зуур дияаны эртнээс нааш уламжлагдан ирсэн алдартай домог сургаалуудыг уншин амьдралын утга учрыг ойлгон ухаарах нь бас л нэгэн жаргал бус уу.
Дияан нь бүр эрт Бурхан багшийн замбуулинд заларч байх үеэс эхтэй гэсэн нэгэн домог байдаг. Нэгэн өдөр Бурхан багш олон шавь нартаа ном айлдаж байгаад дуугаа хураан өмнөх ширээн дээрээ байсан нэгэн цэцгийг авч гараараа зөөлөн имрэхэд түүний далд нарийн учрыг Бурхан багшийн арван том шавь нарын нэг хатуужил бясалгалаар тэргүүн гэгдэх Кааасяпа (Төвдөөр Одсүрэн) ухааран ойлгоод инээмсэглэхэд Ялж төгс нөгчсөн бээр “Миний нүдэнд нирвааны нарийн сэтгэлийг илтгэх нандин ном агуулагдаж буй. Үүний талаар судар шастирт тэмдэглэхгүй, багшаас шавьд уламжлан дэлгэрүүлвэл зохилтой. Энэ аргын залгамжлагч нь Каасяпа болог” хэмээн зарлиг болжээ. Иймд Каасяпаг дияаны урсгалын анхны их багш хэмээн тооцдог юм. Түүнээс хойш олон он жил улиран өнгөрч хорин наймдахь үеийн их багш Боди Дарма энэ нандин аргыг Хятад нутагт улаачлан авчирч Хө Нань мужийн Сун Шань уулнаа Шао Линь хийдийг анх үүсгэсэн түүхтэй ажээ. Манай өнөөгийн уншигчдын дунд дияаны урсгал нь хятадад үүсч хөгжсөн Бурханы шашны урсгал мэт ташаа ойлголт байдгийг дээрх баримт няцааж байна. Түүнчлэн Зэн Буддизм хэмээх орос хэлнээс зээлдсэн нэр томъёог хэрэглэн дияан хэмээх уламжлалт монгол нэрийг нь орхигдуулах хандлагатай болсныг энд хэлж залруулах нь зүйтэй юм.Дээр өгүүлсэнчлэн хятад нутагт дэлгэрэл хөгжлийг олсон дияаны урсгалын анхны багш нь Боди Дарма гэгээнтэн яах аргагүй мөн юм. Түүнээс хойш дияаны урсгал нь зөвхөн хятад орон төдийгүй япон, солонгос, төвдөөр зогсохгүй тодорхой цаг үед манай монголд ч түгэн дэлгэрч байсан түүхтэй. Бид блогийнхоо энэхүү хэсэгт Бурхан багш түүний шавь нар болон тодорхой түүхэн цаг үед хятадын алдартай дияанч нартай домгуудыг түлхүү оруулах болно. Ингээд та бүхэнд сонирхуулах үүднээс хэдэн домгийг энд хүүрнэе.
Хүмүүний сэтгэл хэмээгч дээдийн эрдэнэ
Лянь Куань дияанч номын үйл эрхлэхээс бус цагт аглаг уулын хормойд туйлын ядуу даржин урцанд амьдрах боловч цаг ямагт их л өөдрөг амарлингуй явдаг байжээ. Нэгэн шөнө тэрээр гаднаас оромжиндоо эргэн иртэл нэгэн хулгайч гэрийг нь эзгүйчилж байхтай таарч гэнэ. Хулгайч дияанчтай халз тулгарсандаа айж мэгдэн яах учраа олохгүй зогссоор байжээ.
Лянь Куань дияанч гар хоосон зогсох хулгайчийг хараад туйлын эелдгээр “Олигтой юм олдсонгүй, чи энэ удаа ч олз омоггүй яваа юм байна даа. Чамайг яаж хоосон буцаах билээ? Миний энэ өмсөж байгаа дээлийг ав даа.” гээд сарвайхад хулгайч шүүрэн аваад шөнийн харанхуйд уусан алга болж гэнэ ээ.
Нүцгэн хоцорсон Лянь Куань багш сарны туяанд тавхай гялалзуулан зугатах хулгайчийн дүрсийг хараад сэтгэл уясан хайлж “Болдогсон бол энэ сайхан сарыг чамд өгдөг ч болоосой.” хэмээн дуу алдсан гэдэг.
Дияанчийн гэр оронд аймшиггүй халдаад дээлийг нь авч зугатах хулгайчийн сэтгэлийг шөнийн харанхуйтай зүйрлэвээс амь амьдралаа хамаг амьтны тусад зориулсан дияанчийн сэтгэл сарны хиргүй ариун гэрэл гэгээний тусгал авай. Хүн болгоны сэтгэлд зүйрлэшгүй нандин эрдэнэ нуугдаж байдаг. Гагцхүү түүнийгээ таньж мэдэж чадваас гадны эд зүйлийг хулгайлахаар эрж явахын хэрэг юусан билээ. Лянь Куань дияанчийн халаглах дуун бидэнд чухам дияаны энэ нарийн ёсыг сануулж байгаа бус уу?
Жинхэнээсээ “Тавигтун”
Бурхан багшийг замбуулинд заларч байх үест “Хар хуруут” нэрт нэгэн бярман хоёр гартаа савтай цэцэг барьсаар өргөн барьжээ.
Бурхан багш “Хар хуруут” бярманд хандан “Тавь.” гэж гэнэ.
“Хар хуруут” бярман зүүн гартаа барьсан савтай цэцгийг тавьжээ.
Бурхан багш мөн л “Тавь” гэж гэнэ.
“Хар хуруут” бярман баруун гартаа барьсан бумбатай цэцгийг Бурханы өмнө тавив.
Бурхан багш бас л “Тавь.” гэв.
Энэ үед хоёр гар нь хов хоосон болсон “Хар хуруут” бярман учрыг эс “Би одоо юугаа тавьдаг билээ?” хэмээн асуухад
Бурхан багш айлдруун: “Би чамайг цэцэгтэй бумбыг тавь хэмээсэн хэрэг бус. Хэрвээ чи тархи толгойг чинь эзэлсэн түмэн бодол нисваанисыг орхиж чадваас үхлийн гав дөнгөнөөс ангижирч мөнхийн хутгийг олох болно.” гэжээ.
“Хар хуруут” бярман үүнийг сонсоод Бурхан багшийн “Тавь.” гэсний нарийн учрыг сая ухан ойлгожээ.
“Тавих, орхих” хэмээх нь ертөнцийн хүмүүний хамгаас гүйцэлдүүлэхэд бэрхтэй үйлийн нэг ажгуу. Тэд нэр төр, эд хөрөнгө, хайр сэтгэл, ажил үйлтэйгээ нэг л учирч орхивол, түүнийгээ тэвчиж орхиж чадах нь хэд байдаг билээ. Тэр бүхнээс үүдсэн бие сэтгэлийн дарамтыг гарт барьсан цэцэгтэй хоёр бумбатай зүйрлэхийн аргагүй их юм. Чухам тэдгээр дарамт ачаалал л биднийг амьдрал хэмээх урт аяны туршид сульдааж цуцаадаг биш үү? Тийм болохоор орчлонгийн ороо бусгаа тоосон дунд хэрэгтэй хэрэггүй зүйлсийг тавьж орхиж сурах нь сэтгэлийн хүлээсийг алдууруулж, сэлүүн чөлөөтэй амьдрах ерөндөг болдог ажээ.
Өөрийн шүхрээр өөрийгөө гэтэлгэ
Нэгэн сүсэгтэн дээврийн саравчин доор борооноос хоргодон зогсож байтал дияанч лам шүхэр барин явахыг үзээд “Дияанч минь, хамаг амьтны тусыг бодон намайг шүхэртээ багтаан явахгүй юу?” хэмээн хашгирчээ.
“Би бороон дунд, чи саравчин дор зогсож байна. Саравчин дор бороогүй байтал би чамайг шүхэртээ багтаах ямар хэрэг байх билээ.” хэмээн дияанч хариу өгүүлэв.
Сүсэгтэн тэр даруй саравчин дороос гарч “Би одоо бороон дунд байгаа тул намайг энэ зовлонгоос гэтэлгэж болно буй за.” хэмээн асуужээ.
“Би бороон дунд, чи ч мөн бороон дунд байна. Би бороонд нороогүй нь шүхрийн хүч, харин чи бороонд нордог нь шүхэргүй тул болой. Наад зовлонгоос гэтэлгэх нь би бус, харин шүхэр бус уу? Тийм болохоор чи надаас гуйлгүй өөрөө шүхэр олвоос зохилтой.” хэмээн хэлээд эргэж харалгүй яваад өгөв.
Өөрөө шүхэр авч явбаас бороонд норохгүй, түүнчлэн жинхэнэ дияаны ёсыг ойлгосон хүн шулмын төөрөгдөлд автахгүй. Бороотой өдөр шүхрээ авалгүй бусдын дэмэнд найдах нь ердийн цагт өөрийн мөн чанарыг таньж ухаарахгүй адаг сүүлдээ бусдын хүчинд дулдуйдан зовлонгоосоо гэтлэх гэсэнтэй агаар нэгэн хэрэг буюу. Үүнийг өөрийн гэрт буй эрдэнийг эс ойшоон бусдын гэрт буй эрдэнэд санаархагч хүмүүн лугаа ч зүйрлэж болох юм.
Өөрийн шүхрээр өөрийгөө гэтэлгэ, аливаа хэргийг шийдэхдээ айлаас эрэхээр авдраа уудал хэмээх үгийг санаж явагтун. Дээрх дияанч тэр хүнд шүхрээ хэрэглүүлээгүй нь энэ ёсыг ухааруулсан хэрэг байжээ.
Зуун жилийн амьдрал хэмээх зүүд төдийхөн
Говийн догшин хутагт Данзанравжаагийн “Там там л гэнэ, там хаанаас байх вэ? Тамтаггүй явбал там чинь тэр болно.” гэсэн сургаал үг монголын ард түмний дунд ихээхэн дэлгэрсэн билээ. Тухайн үеийн улааны урсгалын том төлөөлөгч энэ хүний алдарт сургаалыг өнөө хэрд хүмүүс өөр өөрсдийнхөөрөө ойлгож янз бүрээр тайлбарлах нь буй. Хутгийг олсон алдартай хувраг маань энэ үгээрээ Бурхан багшийн батлаж номлосон там хэмээх энэ орны бодитой оршин байдгийг үгүйсгээгүй, харин чин сүжиг, буян номыг хичээх нь тамын үүдийг эгнэгт хааж байдаг гэсэн гүн нарийн ёсыг номлосон хэрэг болов уу. Үүнээс үүдэн нэгэн дияаны домгийг өгүүлсү.
Ли Рүй Юань нэрт нэгэн түшмэл Тань Ен дияанчаас “Багш аа, хүмүүс там там л гэх юм. Там үнэхээр байдаг юм уу?” хэмээн асуужээ.
Тань Ен дияанч “Байхгүй зүйлийг байна хэмээх нь хий үзэгдлийг бодитой хэмээж буйтай адил хэрэг. Харин түшмэл таны байгаа зүйлийг байдаг уу хэмээн асуух чинь үнэхээр инээдтэй байна. Хүмүүс нүднийхээ тамыг үздэг бол яахин сэтгэлдээ диваажинг харахгүй байх билээ? Тийм болохоор там диваажин хэмээх нь нэгэн бодлын зөрөөтэй хэрэг буюу. Түшмэл та сэтгэлийн амгаланг олж чадваас энэ тал дээррх эргэлзээ чинь үгүй болно.” хэмээжээ.
“Тэгвэл сэтгэлийн амгаланг яахин олох билээ?” хэмээн түшмэл асуув.
“Буян нүглийн алийг ч бодохгүй байвал зохино.”
“Алийг ч бодохгүй болж чадсаны эцэст сэтгэл ямар оронд төрөх буй?”
“Аль ч оронд төрөхгүй.” гэж дияанч өгүүлэв.
“Хүн үхэхээр хаана очдог бол?” хэмээн түшмэл асуулаа.
Дияанч хариулруун: “Амьдралын талаар бүрэн ойлгоогүй байжээ. Үхлийн тухай бодож яах билээ?”
“Би хэрвээ амьдралын мөн чанарыг ойлгосон бол яах вэ?”
“Тэгвэл чи амьдралын хаанаас үүдэлтэйг хэлээдэх л дээ.” гэж дияанч амыг нь таглав.
Түшмэл энэ талаар бодолхийлж байх зуур Тань Ен дияанч гараараа цээжээ дэлдэн “Гагц энд бодолхийлээд яах билээ?” гэхэд
Түшмэл сэрхийтэл ухаараад “Хүн амьдрал хэмээх урт хугацааг дэмий хоосон зүйл бодож талаар өнгөрөөдөг ажээ.” хэмээн дуу алджээ.
“Зуун жилийн амьдрал хэмээх зүүд төдийхөн” Тань Ен дияанч түүнд сануулан хэлсэн байна.
Зуун жилийн амьдрал хэмээх зүүд төдийхөн юм бол хүн тэр тусам цаг хугацааг улам ч нандигнан хайрлаж, элдэв хэрэггүй бодлыг таягдан хаяаад сэтгэлийн амгаланг эрхэмлэх хэрэгтэй юм байна гэдгийг дээрх хоёр хүмүүний яриа бидэнд ухааруулж байна. Хүн гэгээн хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэн, түүнээс үүдэх баяр бахдлыг мэдрэх нь амьдралын яруухан эгшиг, ялгуусан зам мөр болж байдаг ажээ.
Үг бол сэтгэлийн илэрхийлэл
Тан улсын их бичгийн хүмүүн Сү Дун Пө алдартай яруу найрагч, том түшмэлээс гадна Бурханы шашны дияаны урсгалыг сүслэн дагагч нэгэн байжээ. Тэрээр тухайн цагийн нэрт дияанч Фо Ень хамбатай эрдэм мэдлэгээр өрсөлдөн давагдаж байсан тухай домог цөөнгүй уламжлагдан ирсэний нэгийг энд өгүүлье.
Сү Дун Пө найрагч нэгэн удаа Алтан уул сүмд очоод Фо Ень хамбатай цуг бясалгалд сууж гэнэ. Тэрээр бясалгал хийсний эцэст бие сэтгэл нь тавираад маш сайхан болоход дияанчид хандан “Дияанч аа, миний суугаа төрх ямархуу харагдаж байна даа?” гэхэд
“Таны суугаа төрх чинь сүрлэг жавхаатай, эгээ л Бурханы хөрөг лугаа адил харагдаж байна.” гэж дияанч хариулжээ.
Сү Дун Пө түүний үгийг сонсоод ихэд баясах сэтгэл төржээ.
Фо Ень дияанч хэсэг байзнаснаа Сү Дун Пөгөөс “Номч оо, харин танд миний суугаа төрх ямархуу харагдаж байна даа?” хэмээн асуув.
Дияанчийг ухаан билгээр давах боломжийг алдахгүй анаж явдаг Сү Дун Пө хариуд нь “Бөөн үхрийн баас шиг л юм харагдаж байна.” хэмээн хариулжээ.
Дияанч түүний энэ үгийг сонсоод гомдож гонсойсон зүйлгүй дуугүй тэвчээд өнгөрөөсөн гэнэ. Үүнийг хараад Сү Дун Пө дотроо ихэд баясан тааралдсан хүн болгондоо өнөөдөр би Фо Ень дияанчийг айхтар давлаа шүү дээ гэж хөөрцөглөн явжээ.
Энэ хэргийн тухай сонссон охин дүү нь ахаасаа “Та тэгээд дияанчийг яаж давсан хэрэг вэ дээ?” гэж асууж гэнэ. Сү Дун Пөгийн нүд нь гялалзан болсон явдлыг түүнд тайлбарлан өгчээ. Охин дүү Сү Сяо Мэй нь тэр бүхнийг сонсож байснаа төв царайгаар түүнд хандан “Ах аа, та үнэндээ ялагдахын дээдээр ялагдсан байна. Дияанчийн сэтгэл Бурхан лугаа адил тул эгэл жирийн таныг хүртэл Бурханы хөрөг лугаа тольдон харж чадаж байна. Харин таны сэтгэл үхрийн баас шиг болохоор тэр өндөр зэрэгт хүрсэн гэгээн хувраг хүртэл үхрийн баас шиг харагдсан байж таарна.” гэжээ.
Үг хэл нь хүний сэтгэлийн илэрхийлэл, тусгал байдаг. Хүний ёс суртахуун, хүмүүжил ихэвчлэн үг хэлээр илэрч байдаг болохоор хүн өөрөө хичнээн нуун далдлахаар чармайсан ч гэсэн санаатай санамсаргүй ямар нэгэн байдлаар тухайн эзнийхээ ямархуу хүмүүжил ёс суртахуунтай хүн болохыг төвөггүй илэрхийлэн гаргаж байдаг билээ.
Найман салхинд эс ганхсан нь
Сү Дун Пө номч бясалгал дияаны эрдэмд хичээсээр нэгэн өдөр их л өндөр түвшинд хүрсэн мэт санагдан найргийн онгодоо хөглөж:
Тэнгэрийн дундахь тэнгэр Бурханд мөргөмү
Тэргэл гэрэл нь хамаг ертөнцийг гийгүүлмү.
Зуурдын найман салхи намайг дайрахад
Зулын гал шиг бөхөлзөхгүй их хүчийг оллоо. гэсэн шүлэг бичээд өөрийн мөнхийн өрсөлдөгч Фо Ень дияанчид хүргүүлэхээр явуулжээ. (Зуурдын найман салхи гэдэг нь дияаны ёсны дагуу хүний сэтгэлийн хөдлөлд нөлөөлдөг нэр, ашиг, мандал, буурал, баяр гуниг зэрэг найман хүчин зүйлийг хэлдэг. Орч.)
Фо Ень дияанч түүний бичгийг хүлээн авч харж сууснаа хоёрхон үсгээр хариуг өгч явуулжээ.
Дияанч лав өөрийнх нь шүлгийг үзээд ямар өндөр түвшинд хүрчихээ вэ гэж бахдан сайшаах буй за хэмээн тэсгэлгүй хүлээж суусан Сү Дун Пө захидлыг нь яаран задлаваас “Унгас алдав аа.” гэсэн хоёрхон үсэг бичээстэй байжээ. Тэрээр тэсгэлгүй уурлан хөлөг онгоц зэхүүлээд дияанчтай нэгийгээ үзэлцэхээр Хөх мөрнийг гатлан явж гэнэ.
Усан онгоц Хөх мөрний нөгөө эргийн чанадад байх Алтан уул сүмд дөтлөн очих үед дияанч түүнийг эрэг дээр хүлээн зогсож байлаа. Сү Дун Пө дияанчийг хараад уур цухал нь улам ч ихээр хөдлөн “Фо Ень дияанчаа, та хутгийг олсон том дияанч, над лугаа олон жилийн номын садан явсан атлаа миний хүрсэн түвшин, бичсэн шүлгийг минь адгийн муу үгээр дайрч давшлах нь юуны учир билээ?” хэмээн асуужээ.
“Би чамайг ямар адгийн муу үгээр дайрч давшилсан хэрэг билээ?” гэж дияанч асуув.
Сү Дун Пө түүний шүлгийн хариуд дияанчийн бичсэн “Унгас алдав аа.” гэсэн хоёр үгийг харуулж гэнэ.
Дияанч хариуд нь “Та чинь зуурдын найман салхи дайрахад зулын гал шиг бөхөлзөхгүй их хүчийг олсон дияанч, хошуу захирсан төрийн том сайд хүн атлаа ганц унгас алдахын төдийд хөлөг онгоц бэлтгэн Хөх мөрнийг гаталсаар надтай ял хэлэлцэхээр ирдэг нь юуны учир билээ? ” гээд тас тас хөхөрчээ.
Сү Дун Пө дияанчид энэ удаа ч гэсэн том давагдсанаа ухааран ойлгож ичсэндээ орох байх газраа олж ядсан байна. Энэ явдал бидэнд Бурхан номын зам мөрийг хөөх нь зөвхөн ам хэлээр илэрхийлэгдэх зүйл төдийхөн бус бодитой үйл хэргээр илэрдэг болохыг ухааруулж байгаа юм.
Уранхайд даавууд боосон эрдэнийн сувд
Тан улсын үеийн Фэй Сю нэрт нэгэн чансан Их амгалан сүмд морилон очжээ. Тэнд байх хугацаандаа Их амгалант сүмийн хуврагуудаас “Бурхан багшийн арван том шавь бүгд нэг нэг чиглэлээр тэргүүн хэмээгдсэн байдаг. Тэгвэл Рахула юугаар тэргүүн гэгддэг билээ?” хэмээн асуужээ.
Сүмийн хуврагууд ийм амархан зүйлийг мэдэхгүй хэн байдаг юм бэ? гэж бодоцгоогоод бүгд нэгэн дуугаар “Нууц явдлаар тэргүүн хэмээн алдаршсан” гэж хариулцгааж гэнэ ээ?
Фэй Сю чансан тэдний хариултыг төдийлөн ойшоосонгүй бололтой “Танай сүмд дияанч байна уу?” гэж асуужээ.
Энэ үед Лун Я нэрт нэгэн дияанч уг сүмийн арын хашаанд ногоо тарьж байсныг дуудан ирүүлж гэнэ.
Фэй Сю чансан ч түүнд “Рахула юугаар тэргүүн гэгддэг билээ?” гэсэн мөнөөх асуултаа тавив.
Гэтэл дияанч түүний асуултад огтхон ч эргэлзэж тээнэгэлзсэн шинжгүй “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгчээ.
Фэй Сю чансан түүний хариултыг сонсоод тэсгэлгүй ихээр баярлаж сөгдөн мөргөж “Уранхай даавууд боосон эрдэнийн сувд хэмээгч та бус уу?” хэмээн дуу алдсан байна.
Бурханы шашны ерөнхий мэдлэгтэй хэн бүхний хувьд Рахула нь арван шавь нарын дотроос нууц явдлаар тэргүүн болохыг андахгүй сайн мэднэ. Нэгэнт л нууц явдал юм бол бид тэр тухай хэрхэн яаж мэдэх билээ? Тийм болохоор Лун Я дияанчийн хэлсэн “Мэдэхгүй” гэдэг ганц үг Фэй Сю чансанд их мэдлэгтэй болохоо харуулсан хэрэг болжээ. Харин бусад хуврагуудын “Нууц явдал” гэсэн хариулт нь дияаны ёсны үүднээс мэдлэггүй хэрэг болон хувирсан байна.
